Гуравдагч (үгүүллэг)

                                                                  Үл Таних нэгэн 1
Өвлийн шөнө цас намуухан хаялна. Дан цамцан дээгүүрээ нөмрөг хэдэрч тагтан дээрээ аяга кофе барин өнөөх гараараа тамхиа сурамгай гэгч нь асаан хүчтэй сороход хоолой үл мэдэг чичирхийлнэ. Цасны илчинд жиндсэнд тамхиа улам хүчтэй сорлоо. Бүхнийг дээрээс харахад тайван амгалан мэт боловч үнэндээ бүгдийн дотор тэвчихийн аргагүй хүч үйлчлэх аж. Ийн хэр удаан зогссоноо санахгүй ч дундуур кофе нь аль хэдийн хөрчээ. Гаднаас хар хүрэмтэй нэгний дүрс харагдана. "Ахиад л" хэмээн үглээд дотогш орж үүднээс хүрмээ аван гарч одлоо. Шатаар буухад цахилгаан шатны хаалга онгойн түлхүүрийн чимээ дуугарахад аль хэдийн тэр газраас арилж одсон байлаа. Ойрхон уушийн газар суув. Тэр үл таних нэгний цоргисон хэр нь гунигтай харцтай тулгаран автаж орхилоо. Ганц шил шар айргаа хөнтөрч орхиод эндээс алга болъё хэмээн шийдсэн ч хэрэв одоо л биш бол хэзээ ч үгүй гэсэн мэдрэмжинд хүлэгдэж орхив. Энэ учралаас зугтах уу? эсвэл бүхнийг эхлүүлээд үзэх үү? хэмээн бодох зуур гадуур хувцсаа өмсөн задгай мөнгө үлдээн гарч одлоо. Халааснаасаа тамхи гарган асаах зуур гэр рүүгээ хурдан алхаж явснаа зогтусан өнөөх уушийн газар руугаа зүглэн гүйх шахам орлоо.
Нэг л мэдэхэд өнөөх үл таних нэгний мөр дээр гараа тавихад  дугараг нүдээ эргэлдүүлэн харсан ч юу ч асуусангүй.
-Уулзалгүй уджээ гэхэд сая нэг инээмсэглэв.
Тэрээр "Уг нь бидний тэмдэглэлт өдөр байсан юм. Харин төгсгөл нь ийм байх гэж" гэлээ.
-Хоёулаа мөн л огтлолцол дээр учир ч дээ. Магадгүй би ч мөн төгсгөлөөс айн энд ийн суугаа бизээ.
-Тиймээ урьд бид мөн л ийм байдалтай учир ч билээ. Сүүлд уулзсан өдрөөс хойш урт хугацаа өнгөрчээ. Төгсгөлөөс айж байна гэнээ?
-Би урьд нь нэг хүнийг зүгээр л тавиад явуулсан. Харин одоо дахиж азаа туршмааргүй байна.
-Бид үргэлж л азаа туршиж байх юм даа. Бид ч бас туршсан. Нэгнээ өөрчлөх хүмүүстэй учирна хэмээн итгэсэн тийм үү.
-Би тийм нэгнээ олсон хэмээн итгэсэн юм.
-Харин одоо?
-Бүгдийг орхиод явмаар байна.
-Яагаад чадахгүй гэж?
-Тэр хүнд би хэрэгтэй.
-Харин чамд?
-Үнэндээ би түүнд хэрэггүй болсон байх вий гэхээс айж байна. Тэрээр хэн нэгнийг хайрлаж эхэлсэн үгүй нь, хайрласан байлаа ч тэр нь хэн байх надад хамаагүй. Гэхдээ тэр хүн надад хэрэгтэй байна.
Ийн ярилцахад бид гарч явсан юм. Үл таних нэгэн гэрийнхээ үүдэнд очиход бидний яриагүй сэдвийг ярих хэрэгтэй байсан юм.
-Бид ч мөн туршсан гэсэн. Түүний хариуг хоёулаа одоо л олох хэрэгтэй биз ээ. хэмээн асуухад
-Энэ учрал хариулт нь гэж бодож байна.
-Надтай хамт оргох уу? хэмээн асуухад хамаг бие халуу дүүгэж байлаа.
-Тэгье. хэмээн инээмсэглэлээ.
-Маргааш энэ газар, энэ цагт?
-Тэгье гэснээс өөр үг хэлсэнгүй.
Бид огтлолцол дээр учирчээ.Энэ огтлолцол хийгээд ганц удаагийн боломж юм. Тэрээр орохдоо эргэж харалгүй алхсаар одсон юм. Яг л бид ардаас хэн нэгэн харж буйг мэдэх ч эргэж харалгүй оддог шиг. Энэ дэндүү бодлогогүй алхам хэдий ч хэрэв энэ мөчид л зугтаж чадахгүй бол хэзээ ч чадахгүй.
Цас хаялсаар байлаа. Өнөөдөр цасны илчинд улам хүйтэрчээ. Болзсон цагаасаа эрт ирсэн ч үл таних нэгэн байсангүй. бид өөр өөрсдийн замаар алхаж яваад ганц л удаа зөрөлдөхөд учирсан юм. Даанч бидэнд нэгнээ сэтгэлдээ хүлээн авах тэнхэл байгаагүй учир хувь тавилангаа туршсан билээ. Бидний зам ахин нэг огтлолцвол тэр үед нэгнээ хүлээн авъя гэсэн юм. Тэр үл таних нэгнийг явуулсны дараа өөрийн эрхгүй хайж билээ. Дараагийн учралыг хүлээх ч өчигдрийг хүртэл тийм боломж тохиогоогүй юм. Харин өнөөдөр үл таних нэгнийг ирнэ гэж бодохгүй байна. Ядахдаа бид хоёр дахь удаагаа учирсан ч нэгнийхээ нэрийг нь ч мэдээгүй байна шүү дээ. Тэрээр эргэлзээгүй тэгье гэж хэлсэн ч магадгүй ирэхгүй бизээ. Урт хугацааны туршид бид нэг нэгнээ мартацгааж өөр нэгнээс нэгнийхээ үнэрийг эрж явсан мэт. Бид холын хол явсан ч олон жилийн өмнөхөөс ямар ч ялгаа үгүй гэдгээ мэдрэв. Тэр мөн л ганцаар хоцорч дээ. Өчигдрийн яриа хуучных шиг байгаагүй. Хэзээ ч хуучных шиг байж чадахгүй аж. Анх уулзахдаа " нэгнээ эртнээс таньдаг байсан мэт" гэж хэлсэн сэн. Харин одоо огтоос танихгүй нэгэн мэт. Магадгүй бидний зам ахин нийлэхээргүй хол зөрсөн бизээ. Надад нэг боломж байсан. Тийм хэдий ч тэр боломжийг хэзээ ч нээж чадахгүй байсан юм. Харин хоёр дахь учрал бол боломж бус ердөө ч бидний ирээдүйн дүр зураг байжээ. Энэ удаад туршихыг хүсээгүй юм сан. Бид өмнө нь өөрсдийн хувь тавилан, итгэл, хайраа туршсан. Нэгэндээ эргэлзэж, зүгээр л хайрлаж чадалгүй тэр хайрынхаа хэмжээг харах гэж нэгнээ туршиж, энэ үнэхээр "тэр" нэгэн мөн үү? гэсэн эргэлзээнээс энэ бүхэн эхэлж дээ. Болзсон цагаас хагас цаг өнгөрөхөд үл таних нэгэн ирсэнгүй. Тэрээр мөн л ирсэнгүй. Хайртай нэгнээ орхиж чадахгүй байжээ. Ийн бодохдоо хувцсаа өмсөн гарч цаснаар тамхи асаан татлаа. Бүхнийг харахад тайван амгалан мэт боловч бүхний дотор тэвчихийн аргагүй хүч үйлчлэх аж.
                                                            ***
                                                Үл таних нэгэн 2
Харилцан холбооны гуравдагч байна гэдэг юу гэсэн үг вэ?
Гадаа цас хаялсаар кафед ямар нэгэн хөгжим эгшиглэхэд  ийн бодож суулаа. "Бид ямар харилцан холбоотой байсан бэ? Би бол гуравдагч. Харин хайрт нэгнийхээ хувьд үргэлж хоёрт тавигдах болно." гэхээс өөр хариулт олж ядна. Өчигдөр бидний тэмдэглэлт ой байсан юм. Хэн хэндээ юу ч хэлээгүй ч энэ бүхнийг эцэслэх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан юм. Харилцан холбоотой байхад хайртай байх хангалтгүй. Бид хоёул энэ нууцлагдмал харилцаанаас залхсандаа ийн шийдсэн билээ. Өчигдөр бүхнийг орхино хэмээн шийдсэн ч хайрлаж байсан нэгэндээ  юу ч хэлэлгүйгээр хаашаа ч алхаж чадахгүй гэдгээ мэдэрсэн юм. Тиймээс өнөөдөр түүнд уулзъя гэхэд тэрээр юу ч хэлэлгүй зөвшөөрлөө. Бүхий л бодлыг сарниулан урд урт хүрэмтэй, нимгэн ороолт хэдэрсэн нэгэн ирж суулаа. Өнөөх л танил үнэр үнэртэхэд түүнийг хэзээ ч орхиж чадахгүй мэт сэтгэлд хөтлөгдөнө. "Энэ хөдөлгөөн, инээмсэглэл, харцыг хамгийн сүүлийн удаа харж байна гэж үү?" Гэхдээ ингэх хэрэгтэй. Би дахин гуравдагч байж чадахгүй. Тэр ч мөн хайртай нэгнээ орхиод над дээр ирж чадаагүй шүү дээ.
Тэрээр
-Өнөөх хайж байсан "үл таних нэгнээ" олсон гэж үү?
-Тиймээ. Үнэндээ аль эрт олсон.
-Тэгээд хаашаа явах гэж байгаа юм?
-Мэдэхгүй ээ тэр хүний явъя гэсэн зүгт.
-Бид ахиад хэзээ ч уулзалдахгүй гэж үү? гэж асуухад нь үг хэлэх гэсэн ч хоолой зангирсанд зүгээр л толгой дохилоо.
-Би энэ бүхнийг эхлүүлэхдээ чамд амласан шүү дээ. Тэр нэгнээ олоход чинь би чамайг явуулна гэж. Тэр цаг болтол чамд хань болно гэж. Харин одоо чи хүссэн бүхнээ хийж болно.
-Чи хэзээ ч намайг барьж байгаагүй шүү дээ. Тэгж чадахгүй. Чамд явлаа гэдгээ хэлэх гэж л... Хэрэв бид ахин учирвал...
- Хэрэггүй ээ. Явбал чигээрээ яв. Битгий горьдлого үлдээ. Би итгэчхэж магадгүй шүү. хэмээхэд уйлахгүй гэсэндээ уруулаа байдгаараа хазан гарч явлаа. Уг нь баяртай гэж хэлэх гэж дуудсан ч хэлж зүрхэлсэнгүй. Кафегаас гарахад "үл таних нэгэнтэй" болзсон цагаас хожимдож буйгаа мэдэж байсан ч яарсангүй. Учир нь үл таних нэгэн өчигдөр гараас минь атгахад энэ гарыг дахиж хэзээ ч тавихгүй гэж өөртөө хэлсэн билээ. Болзсон газар ирэхэд "үл таних нэгэн" ирээгүй байлаа.
Өчигдөр тэмдэглэлт ойн болзооны дараа уйтгараа үргээн ганцаар дарс ууж суухад тэр нэгэн над дээр ирсэн юм. Нэг л өдөр бид учирна гэдгийг мэдэж байсан ч тэр цаг мөч ирэхэд би бэлэн биш байлаа. Хэн ч бэлэн биш байдаг биз ээ. Тэрээр надад хамт эндээс явах санал тавихад шууд л тэгье гэж хэлсэн. Яг л анх бид учирсан шиг. Анх "түүнтэй" учрахад тэрээр мөн "надтай хамт явах уу?" гэж асууж билээ.
 "Тэгье. хувь тавилангаа сөрөөд үү?
-Хувь тавилан ч юм билүү? чи яаж мэдэж байгаа юм?
-Тэгвэл шалгачихъя л даа. Хоёул дахин тааралдвал хувь тавилан болог.
-Дахин тааралдвал чи надад зөвшөөрөх үү?. гэхэд нь би юу ч хэлсэнгүй.
-Дахин учрахад бидний дэргэд өөр хүн байвал яах вэ?
-Тийм байсан ч би чамаас ахин асууна.
Хоёул дуугүй сууж байгаад хоёр тийш салж билээ. Тэр өдрөөс хойш тэр нэгнийг хайж, дахин уулзах өдрийг өөрийн мэдэлгүй хүлээнэ. Өөрт таарах нэгэнтэйгээ учирсан ч өөр нэгнийг хүлээсээр байсанд "тэр хүн чинь иртэл би чиний хажууд байж болох уу? гэсэн юм. "Хэн нэгэн" бид хоёр дэндүү амархан шийдвэр гаргасан ч бидний айж буй зүйл нэг байлаа. Бүхнийг орхиод явсан ч буцаад л энэ цэг дээрээ хүрээд ирвэл яах вэ гэсэн айдас. Гэхдээ одоо энэ тухай бодмооргүй байна. Шийдвэр гаргасан. Тэр ирэх ёстой. Бидэнд ердөө ганц л боломж бий. Болзсон цагаасаа хойш хоёр цаг өнгөрсөн ч тэр алга. Үнэндээ би тэр нэгний тухай өчнөөн зүйлийг мэднэ. Ямартай ч түүний мэдэхгүй зүйлсийг. Өчигдөр салахад "тэрээр" араас ширтэж буйг мэдэрсэн ч эргэж харж чадаагүй юм. Учир нь эргээд л харчих юм бол түүнийг тавьж явуулж чадахгүй мэт санагдсан билээ.
 Түүнтэй анх учирсан өдрийн дараагаас өөрийн мэдэлгүй түүнийг хайх болов. Хаа нэгэн газар таарах мэт санагдах ч үнэндээ хэзээ ч таардаггүй байлаа. Удаан хугацааны дараа энэ мэдрэмждээ ердөө дасаж орхив. Нэгэн өдөр би түүнийг харсан юм. "Хэн нэгэн болон түүнд л тохирох нэгэн". Тэр үед ахин хүлээх шаардлагагүйг мэдсэн ч хүлээсээр л байсан юм. Огт танихгүй нэгнийг хардана гэдэг тэнэг хэрэг. Гэхдээ итгэл үлдээгээд холдсонд нь ганц энэ учралыг л хүлээж байсан мэт санагдахад тэвчихийн аргагүй гуниг бүчин авсан юм.
Өнөөдрөөс хоёр жилийн өмнө мөн л дарс хөнтрөн гунигаа үргээн суухад яг л өчигдөр "үл таних нэгэн" над дээр ирсэн шиг өөр нэгэн ирсэн юм. Эхэндээ энэ зүйлсийг наргиан, тоглоом байдлаар хүлээн авсан ч хайртай нэгнийхээ хайртай хүнд дурлаж байгаагаа ойлгосон юм. Хоёр жилийн өмнө учирсан нэгэнтэй өнөөдөр ахин хэзээ ч учрахгүйгээр салсан ч түүнийхээ хамгийн хайртай хүнийг аван хаашаа ч хамаагүй явах гэж байна. Анх удаа тэр нэгнээс хойш өөрт таарах нэгнээ олсон хэмээн итгэсэн ч орой бүр хайрт нэгнээ явуулахдаа гунигт автдаг байлаа. Харин өчигдрийн шийдвэр энэ бүхнийг цэгцлэх ёстой байсан юм. Үл таних нэгэн ирэхгүй байжээ. Тэрээр хэзээ ч бүхнийг орхиод зугтаж чадахгүй байж. Энэ нь ч  магадгүй зөв шийдвэр биз ээ. Хэрэв тэрээр ирж гэмээнэ сэтгэл доторх бүгдийг хэлээд одоо намайг авч явж чадах уу? гэж асуух байлаа. Гэхдээ би хэтэрхий их итгэжээ. Түүнтэй би нэг учирсан бол дахин бидний зам салахгүй гэж итгэжээ. Уушийн газар хаах болоход хувцсаа өмсөн гарч алхлаа. Цас хэзээ ч ирэхгүйг мэдэх ч хамт хүлээх гэсэн мэт чимээгүйхэн хаялж байлаа.
2017 оны 12 сарын 18нд

Comments

Popular Posts