Нэгэн түүхийн төгсгөл
Урьд нь би өчнөөн түүх
төгсгөсөн. Өчнөөн төгсгөж чадаагүй түүхийг зохиосон. Ингэж байж л тэд бүгд
надаас явдаг байв. Надтай учирсан хүмүүс, минийх байгаагүй бүгдэд төгсгөл бичиж
билээ. Харин би чамд л бичихийг хүсээгүй. Явуулахыг хүсээгүй хүмүүст би бичиж
чаддаггүй юм. Чи тийм л нэгэн
байлаа. Урьд учраагүй нэгэнд урьд болоогүй дурсамж бүтээж өгдөг байлаа. Энэ нь
зугаатай санагддаг байсан ч одоо тийм биш байна. Тэр нэгэнтэй учирснаас хойш
бичиж чадахаа больчихсон юм. Хий хоосон сараачих ч утгагүй санагдах болоод удаж
байна. Тэр нэгэнд сэтгэлээ шархлуулахаас ч айлгүй бүгдийг зориулж, түүний л
хажууд хуурамч ч атугаа байвал сайхан санагдах болсон. Гэхдээ энэ ч мөн хуурамч
байсан байх. Р-т(одооноос
Р гэе. Миний хайртай дүрийн нэрний эхний үсэг) зориулж өчнөөн захиа бичсэн ч тэрбээр
хэзээ ч уншиж байгаагүй биз ээ.. Энэ төгсгөлгүй түүхийн цэг нь. Учир нь
эхлээгүй түүхэнд төгсгөл бичиж байна. Харин аз жаргалтай төгсгөл уу? эсвэл
гунигт уу? Би гунигтай төгснө гэж бодож байна. Чи ч бас гунигтай төгсгөлд
дуртай юу? Эсвэл намайг бодсондоо аз жаргалтайг сонгох уу? Хамаа алга. Учир нь үүнийг
бичсэний дараа надад хамаагүй болчихно. Түүнийх ч, минийх ч биш хэний ч түүх
биш болно. Энэ зохиомол. Мөн би Р-ыг бодитоор нь биш миний доторх өөр нэгэн
төрхөөр нь л гаргаж чадна. Магад чи үүнийг уншлаа гэхэд өөрийгөө биш миний
доторх өөрийгөө харж мэднэ. Тэгвэл надаас нэгэнтээ асуусан "Чи миний юунд
нь болсон юм бэ? гэсэн асуултынхаа хариултыг олох байх. Харин чиний надаас
асуух асуултыг чинь мэдэж байна "Яагаад? яагаад төгсөх ёстой гэж? гэж
асуух ч би чамд үнэнээр нь хэлж
чадахгүй. "Чи л хүссэн биз дээ" гэж. Мэдээж чи надад хэзээ ч
дургүйлхэж байгаагүй. Муухай аашилж байгаагүй. Даанч чи бусадтай ч адил ханддаг.
Харин тэр нэгэнд дургүйлхэн уурлаж, гомдож, хашхичиж байсныг чинь санаж байна.
Тэр нэгэнд атаархаж байна. Хэрэв надад ганц л удаа тийн хандсан бол бид үүнийг
дуусгахгүй байж болох байсан. Энэ чамд бичих сүүлийн захиа болог.
Уншигч танд уйтгартай
санагдаж магадгүй. Учир нь энэ энгийн л нэг хайрын түүх. Анхных биш, магадгүй
сүүлийнх ч биш байх.
Зун
Тэр нэгэн үдэш... Магад
тэр нэгэн үдэш бидний түүхийг эхлэл биш биз ээ. Бид нэгнээ урьд нь олон харсан
хэдий ч тоож харж байгаагүй байх. Ганц ч үг сольж үзээгүй хэр нь нэгнээ
оршдгийг мэддэг, ярилцаж үзэхийг хүсдэг ч ойртдоггүй тийм л хүмүүс байсан. Нэг
нэгэнтэйгээ хараад л ямар нэгэн сэжим бий мэт (чи санал нийлэхгүй байх) мэдэрдэг ч хүрч чаддагүй байсан.
Сүүлийн
цэг тавихад миний сууж байсан кафед найзууд орж ирээд тасалдуулчихав. Уг нь
үргэлжлүүлээд бичиж болох байсан ч үнэндээ надад завсарлага хэрэгтэй байлаа.
Тэднийг орж ирэхэд бичиж буй зүйлээ хураан, инээлдэн наргиж, тоглоом тоглож,
ганц шар айраг уун суухад үнэндээ чиний тухай мартчихав. (тэр хүн чинь бас бодлоос гардаггүй
чамайгаа боорцог идэхдээ л мартчих юм гэсэн байсан) Өдөржин чиний тухай бодлоо хорьж
чадахгүй байсан надад амрах шиг л болов. Хаврын салхи үнэртсэн сэлүүхэн орой
бүх зүйл гэсэх шиг. Миний сэтгэл ч бас. Ганц шил пивоныхаа халуунд энгэрээ
задгайлан алхаж явахдаа бидний анх танилцсан газрын хажуугаар зөрлөө. Магадгүй
чи байсан байх л даа. Чамайг ганц л удаа харахын хүслэн болсон би хаалгыг нь
татах гэснээ "Үнэндээ ингэх ямар хэрэгтэй билээ. Чи энд байсан ч ганцаар
лав байхгүй биз дээ" гэсэн бодол хойш татчихав. Автобусанд суун яг л миний
сэтгэлийн хэмнэл шиг хаа нэг тийш яаран, эв хавгүй түгшүүртэй хурдлана.
Дадлаараа үүдний дэлгүүрээс гурван кофе авч ороод бичгийн ширээн дээрээ суугаад
үүнийг бичиж байна. Сэтгэл улам л тавгүйрхчихлээ. Зүгээр л тасартлаа уудаг
байж. Сэтгэлээ засаад, бүжиглээд л чамайг хором ч атугай мартаж байвал хичнээн
сайхан. Гэхдээ энэ хэзээ ч зөв арга байгаагүй.
Энэ тухай хэзээ нэгэн
өдөр бичнэ гэдгээ мэдэж байсан. Харин өнөө өглөө ердөө ганц л шүлэг энэ тухай
бичихэд хүргэчихсэн юм. "Хэд дэх захиа" нэртэй шүлэг байсан байх шүү.
Сайн санахгүй байгаа ч "чамаас би юу
хүсдэг вэ? чамаас би юу ч хүсэхгүй байхыг л хүсдэг. Чи надаас юу хүсдэг вэ?
хүсмээр байвал юм бүгдийг хүс" гэсэн байсан. Зүгээр л сэтгэлд хүрчихсэн
юм. Тэгэхэд би бидний урьд нэгэнтээ болзож байсан кафед сууж байлаа. Тэнд бид
орчин үеийн жазз, Чехов, кино гээд л олон зүйлийн талаар ярилцсан санаж байна
уу? Кафед ямар нэгэн жазз дуу эгшиглэнэ."Just the way you are" гэж нэгэн
эмэгтэй уянгалуулна. Тэр үгийг чи надад хэлж байлаа. Чиний байгаа байдал чинь
"just the way you
are"
гэж хэлдэг дээ. Тэр байдал чинь таалагддаг гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн юм бэ
дээ. Ядаж өөр зүйл хэлэхгүй. Цамц чинь таалагддаг ч гэдэг юм уу. Тэгсэн бол нэг
бол тэр цамцаа хайрлаж, үгүй бол тайраад хаячих байлаа. Харин энэ л үгнээс чинь
болж өөрийгөө цэгнэж эхэлсэн байж мэднэ.
Хэрхэн учирснаа бичиж
байсан билүү? Хамгийн анх удаа түүнийг кино наадамд харж билээ. Хачирхалтай нь
тэр үед чиний тухай мэддэг байлаа. Тэр үед "манай хүн" "танай хүнийг"
таньдаг болохоор мэндэлцгээхэд бид нэгнээ харж байсан. Дараа нь нэгэн кафед таарсан.
Тэр өдөр сонгууль болоод улс даяар алкохол зарахыг хориглосон өдөр бид нэг
газар нууцаар шар айраг шимж суусан. Улаан даашинзтай бүсгүй тамхилж зогссохыг
харахад юун ч юм дотно санагдаж билээ. Тэгэхэд бид харц тулгарсан ч дуугарч
чадалгүй явцгаасан. Тэр үед би ч, чи ч өөр хүнтэй явж байжээ.
Одоо бодоход би өөртөө
ч хүлээн зөвшөөрөөгүй байжээ. Миний дэргэд өөр хүн байхад ч, чамаас холдоход ч,
чамтай байхдаа ч, санахдаа ч, чамд хайртай гэж хэлж байхдаа ч би өөрийгөө чамд
хайртай гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй байж. Учир нь дахин хэнд ч дурлахгүй
гэж шийдсэн байсанаас болсон юм болов уу?
Зун чи миний хувьд
нууцлаг ертөнц байжээ. Дурлал нууцаас эхэлдэг байж мэднэ. Тэр нууцыг тайлах
хүсэлд автна. Хэрэв нууц тайлагдвал...
Зунаас хачин жигтэй
тохиолдолууд ар араасаа тохиож эхэллээ. Анх хөгжмийн наадамд танихгүй нэгний
тухай бодол харваад ороод ирэв. Энд таарах вий гэсэн бодол гэгэлзэх сэтгэлтэй
хамт хүрээд ирж билээ. Харин энэ бодол хаанаас ч юм чамайг дагуулаад ирсэн дээ.
Тэр олны дундаас нэгнээ таниад удаан ширтсэн ч зөрөөд л өнгөрсөн. Түүний дараа
лекцэнд, кино театрт, гудамжинд чиний тухай бодол гэнэт л орж ирнэ. Чи гэнэт л
гараад ирдэг. Би дэгсдүүлээгүй шүү. Тэр нэгэн кино үзвэр дээр ийм мэдрэмжинд
хөтлөгдөн тогтож чадалгүй суухад чи гараад ирсэн. Над дээр инээмсэглэж ирээд
танилцсан. Гэхдээ яагаад? Дараа нь гудамжинд чамтай таарна гэсэн ямар итгэлтэй
алхаж явсан гээ. Мөн л адил бодол эзэмдэхэд машины цонхонд үсээ янзлаад эргээд
харахад чи гараад ирсэн. Энэ эхлэл байсан. Энэ хачин мэдрэмж хамаг бүхний
эхлэлийг тавьсан. Харин одоо би энэ мэдрэмжинд итгэмээргүй байна. Би хэн
нэгнийг хайдаг шиг чи мөн үргэлж хэн нэгнийг эрэлхийлж байлаа. Магадгүй миний
уйтгарт амьдралд чи сонирхолтой санагдсан байж мэднэ. Ингэж хэлвэл мэдээж гомдох
байх л даа. Гэхдээ тэр орой чи уйдсандаа л надтай уулзсан тийм биз. Харин одоо
нэг зүйл миний гайхшралыг төрүүлж байна. Сүүлийн уулзалтаас хойш яагаад надаас
зугтах болов? Би буруу зүйл хийсэн гэж үү? Иймэрхүү асуулт миний сэтгэлийг
өвтгөхөө больсон хэдий ч зүгээр л гайхаж байна. Сонирхолгүй санагдсан уу?
Надтай ахиад уулзахгүй гэж шийдсэн бол сайн байна. Учир нь би үүнийг бичээд л
мартаж чадна. Гэхдээ цаг үргэлж би чамайг мэдэрдэг байсан. Үүнийг захиандаа би
"Бидний дунд хайраас илүү зүйл бий хэмээн итгэж байна" гэж бичсэн ч
чиний хувьд тийм байгаагүй байх. Үнэндээ үүнийг бичих бүрт өөрийнхөө сул доройг
мэдрэх надад дэндүү хүнд байна. Тэр өдрүүдийг зөвхөн би л өчигдөрхөн мэт бүгдийг
нэг нэгэнгүй санаж байгаад минь л дэндүү өрөвдөлтэй, сул доройг минь мэдрүүлэх
юм. Магад чи тэр өдрүүдийг сэтгэлээсээ аль хэдийн явуулаа биз ээ. Чиний юу хийж
буйг чинь ч мэдэрдэг байсан. Чамтай учрана гэхэд учирч, асуудалд ороход чинь
хүртэл мэдэрч байсан. Даанч надад тусалж чадах зүйл байгаагүй. Анх бид хоёул
нэгэн зэрэг чат бичсэн ч гэсэн энгийн нэг давхцал байсан гэж үү? Тийм л болог.
Гэхдээ одоогийн энэ мэдрэмж нэг л өөр байна. Хэрэв тэр мэдрэмж одоо ч надад бий
бол чамтай холбосон утас тасарчихаагүй бол нэг л өөр зүйл байна. Үнэн бол чи
өнөөдөр намайг бодсон тийм үү. Магадгүй энэ миний хүслээс өөрцгүй байж мэднэ. Урьд
бидний болзсон кафе өнөөдөр нэг л эзгүй, хоосон байсан нь чи байхгүй болохоор
уу? Тэр кафед бүх зүйл байрандаа байх
хэдий ч ийн санагдах нь кафе хоосон бус ердөө л миний сэтгэл хоосон байсанд биз
ээ. Бидний суусан кафе, уушийн газар, гудамж одоо нэг л эзгүй. Бүгд хов хоосон.
Одоо ч чамайг ороод ирэх вий, замд таарах болов уу, утас дуугараасай гэж хүлээх
ч хоосон. Магадгүй би их зүйл хүссэн эсвэл бидний хэлхээс аль хэдийн тасарсан
биз ээ.
Намар
Намар сонссон дуунууд одоо чиний тухай бодол
руу хөтөлдөг. Тэр дуунууд намрын салхи, бороо, санаа алдалт, хайр, гээд бүгдийг
нь агуулдаг шидтэй. Одоо бодоход намар намайг их догдолуулж, их ч шархлуулж
дээ. Намрын дулаан өдрүүд үргэлжилсэн авч бид хамгийн хүйтэн өдөр нь учирсан
байх гэж хааяа боддог юм. Тэр үед чамайг хайрт нэгнээсээ салсан гэдгийн мэдэж
байлаа. Үнэндээ чиний хайртай гэсэн тэр хүнтэй чинь нийлсэн гэхэд чинь
баярласан ч дахиад л бүтсэнгүй гэхэд чинь харамсдаг байсан. Учир нь би хэзээ ч
тэр нэгэн шиг чамайг хайрлаж чадахгүй гэдгээ мэддэг байсан болохоор л тэр. Ийм байдал хүмүүсийн дунд ахин дахин
давтагдаж, шийдвэргүй загнах нь залхмаар шүү дээ. Анх би чам руу эхэлж бичиж
билээ. "Хэцүү байвал тамхилъя" гэж бичсэн санагдана. Харин чи удаж
байж хариу бичсэн. Мартснаас бидний бичсэн түүхийг би бүгдийг нь устгажээ.
Дурсаж харъя гэсэн ч харамсмаар нь юу ч үлдсэнгүй. Хэрэв ингээд л устгачихдаг
бол сайхан хэдий ч хамгийн зовлонтой нь миний цээжинд үг бүрээрээ байх юм. Бид
дараа нь уулзахаар товлосон ч тэр өдөр хэн хэн нь юу ч бичээгүй өнгөрсөн дөө. Уг
нь чамайг бичихийг хүлээж өдөржин гадуур тэнэж билээ. Хэд хоногын дараа бид
тохиолдолоор учирсан сан. Өө бид хувь тавилангаар бус тохиолдолоор учирсан юм
чинь арга ч үгүй биз ээ. Би байсан газраасаа зугтахад бэлэн байсанд чамайг
бичихэд шууд л оргосон. Болзсон газар руу ороход чи над руу удаан харснаа түр
хүлээж бай гээд л хэдэн минут хүлээлгэж билээ. Анхнаасаа л чи намайг захирч шүү
дээ. Тэр хугацаа маш удаан хийгээд, хэд хэдэн удаа гараад явчихмаар санагдах ч
чадалгүй суусаар. "Хэрэггүй иржээ" гэсэн бодолтойгоо эвлэрээд сууж
байлаа. Чи уучлах гуйхаа мэдсэн хэр нь хийснийхээ дараа уучлал гуйдаг тийм
нэгэн байсан. Уучлаарай гээд их л ажил хэрэгч хэлээд ярьж эхэлсэн. Дараа нь бид
яриад л байсан. Яриад л байсан. Хайрт нэгэн чинь ирсэн, явсан. үүрийн дөрвөн
цагт бидний суусан газар хаалгаа барьж, таван цагт гэр рүүгээ алхаж явлаа.
Хоёр дахь уулзалт
тэнгисийн үүдэнд уулзав. Мөн л тохиолдол. Уучлаарай тэр орой би чиний уйлж буйг
харах ёсгүй байсан юм. Хайрт нэгэндээ гомдон уйлж буйг чинь хараад тэр нэгэнд
хичнээн атаархсан гээч. Кино тараад чамайг явахаас чинь өмнө тамхийг чинь асааж
өгөхдөө бүлцийсэн нүдийг чинь харсан. Тэр өдөр ядаж л чамайг
инээлгэж чадсандаа баярлаж билээ. Одоо бодоход тэр үед чамайг дагаад явдаг
байсан юм. Чамд ярилцах хэн нэгэн хүн хэрэгтэй л байсан биз дээ. Хайрт бид
хоёрын ойн баяр байсан ч би чиний л тухай бодож байсан. Дараа нь чи намайг "болзоонд
урьсан". Хар пальто, саарал подволк, унтаагүй бүлцийсэн ч цовоо харц.
Өмнөх уулзсан төрхөөс огт өөр нэгэн төрх. Дараа нь юм авах гэж, өгөх гэж гээд
шалтаг гаргаж хэд хэд уулзсан. Бас л өдөр сударгүй тэр нэгэн өдөр. Чамтай
уулзахдаа шал согтуу ирлээ. Нэмээд бүр согтсон. Ямартай ч гудамжаар хөтлөлцөөд
алхан, сааданд суусан. Би чамайг тэврэхэд чи миний хацарт духаа үрсэн. Хачин нь
"тэр" ч бас миний хацарт духаа үрэх дуртай байлаа. Тэр үйлдэл жигтэй
хэр нь өөр нэгнийг санагдуулж байсан юм. Гэнэт л чи "би мэдэхгүй байна
аа" гээд гүйгээд л гэртээ орчихож билээ. Ахиад л ганцаар. Хэзээ ч
хангалттай байгаагүй. Чамаас илүүг хүсч, илүүг өгмөөр, гэхдээ тэр ч чамд
хангалттай байгаагүй. Түүнээс хойших долоо хоног санаа зовнил, тэнэглэл,
харамслаар дүүрэн, хийсэн зүйлдээ санаа зовж өөрийгөө зүхэж байлаа. Тэр хугацаанд
зөвхөн чиний тухай л бодож байлаа. Хариу байхгүй долоо хоног. Анхны цаснаар чи
над руу бичсэн. "Цастай өдрийн мэнд" гэж. Одоо ингэж бичвэл би яг л
энэ үеийнх шиг догдолж, чамд ахин дурлаж чадах болов уу? Шууд л чиний хэлсэн
газар руу яарсан ч их цас орсноор зам түгжрэн таг зогсчихов. Яаран очиход өнөөх
гунигт харц. Би чиний гунигт энэ харцанд чинь л дурласан юм болов уу? Намайг
ирэхгүй нь гэж бодоод явах гэж байлаа" гэв. Гэхдээ л өнөөх гунигт харц. Би
яах вэ? орхиод гарах уу? үлдэх үү?. Гэсэн ч дэндүү догдолчихож. "Өнөөдөр
бидний тэмдэглэлт ой даанч..." гэнэ. Хэзээд би чиний хувьд цаг хугацааны
нөхөөс байлаа. ингэж хэлвэл чи "Яалаа гэж дээ чамтай л лав биш" гэнэ.
Удсангүй би өөр нэгэн рүү, тэр ч бас өөр нэгэн рүү явлаа. Бусдын дунд байхад инээж
наргих ч дотроо "хэрвээ гайхамшиг гэж байдаг бол над руу залга" гэж
би шивнэсэн. Цаг явсаар л. Мэдээж энэ бүтэшгүй хүсэл байсан байх. Тэгсэн ч
гайхамшиг тохиож чи залгасан. Мөн л тэнэг зангаараа баярлаад л гүйчихэв. Гунигт
харц, цаг хугацаа нөхөгч. Тоглоом тоглож, ууж, цасаар байлдаж, цасны тухай
шүлэг уншин нэгэн шөнийг үдэж билээ. "Чамтай
орсон цас жинхэнэ цас байсан, жигүүртэй цас байсан. Үүнээс хойш ийм цас
ороогүй, ороогүй гэж бодсон ч орь дурдатгалын минь гүнд одоо ч гэсэн орсоор л
байна" тиймээ одоо ч гэсэн тэр цас орсоор л байна. Тэр өдөр 11 сарын 6
нь байлаа. Тамхилах гэж гарахдаа зальхай нүдээр хараад над руу цас шидсэн. Энэ
өдөр миний анхны хайртын төрсөн өдөр л дөө. Хэдэн жилийн өмнө жил болгоны энэ
өдөр ганцаар ууж байна гэж өөртөө хэлсэн өдөр.
Харин чиний баярын өдөр мөн гунигийн өдөр. Дараа нь би чамайг болзоонд
урьсан. Бид болзсон, салсан. Бид кино үзэхээр тохирсон ч кино үзэхээс өмнө тэр
намайг нууц үгээр олох ёстой тийм л тоглоом. Маргааш нь ахин уулзахад тэр надад "Хайртай шүү" гэж хэлсэн ганц
үгэнд нь баярлачихсан юм. Тоглоомын нууц үг "хайртай гэдэг үгийг
тоглоомоор хэлж болно гэж үү?" байсан шүү дээ. Яагаад? зүгээр л миний сэтгэлээр тоглох гэж
үү? Надаас юу хүссэн юм бэ?
Түүний маргааш
"өнөөдөр уулзаж чадахгүй нь"
"би уулзах гээгүй
ээ" гэхэд
"Би уулзмаар
байсан юм аа" гэсэн. Түүний дараа таг болчихсон. Тэр орой болсон зүйлийг
чинь мэдсэн бол, тусалж чадах байсан бол... даанч би дэндүү сул дорой нэгэн шүү
дээ. Товгүй нэгэн өдөр мөн л уулзсан, уусан. Гунигт харц, цаг хугацаа нөхөгч. Товчхон
доо бидний дунд хэдэн шил шар айрагны ард гарсан л түүх бий. Сэтгэл ахиад л.
Баярлах шиг. Ядаж тэр хүнийг зовоохоо байсаных нь төлөө баярламаар. Даанч би
буруу боджээ. Миний бодол хамаа байхгүй ч үүнээс л хамаг юм эхэлсэн. Үүнээс л
болж чи гэмших хэрэгтэй болж, тогтохоо байж, хэрэн хэсүүчлэх болсон шүү дээ. Та
хоёрын дунд болсон зүйл, дахин уулзахааргүй болсон тэр шалтгааныг би бүр сүүлд
сонсоход тэр нэгнийг өрөвдөж билээ. Уучлаарай. Гэхдээ бид хоёул чамаас хайр
хүсээд авч чадаагүйд л өрөвдсөн байх. Харин тэр хүн чинь хэзээ ч ингэж аашлахгүй
гэж бодож байна. Таг чиг болж, намайг ихээр үзэн ядаж, хардсан. Бид нэгнээ хэн
нэгний ярианаас, хоосон дэлгэцний ардаас л дүгнэж эхэлэв. Харин тэр намайг чамтай
хардахаас өөр юу ч хийгээгүй. Одоо л тэр надад хувиа хичээсэн нэгэн шиг
санагдаж байна. Гэхдээ л чамаас хайр хүссэн.
Энэ хэсгийг уншаад намайг маш ихээр үзэн ядаж хараан зүхэх биз ээ. Харин
би сонсоод амаа хамхихаас өөр хийж чадах билээ. Би чинь гуравдагч шүү дээ.
Намрын төгсгөл үеийн
хүйтэн үдэш хэн нэгнийг санан бэтгэрсэн, шархалсан нэгэн сэтгэлээ засахаар ууна.
Ганц нь хоёр, хоёр нь гурав хэмээн ихэссээр халамцаад явчихав. Тэр л үед
зогсоох хэрэгтэй байж дээ. Тэр халамцуудаа чамайг үнсэхэд чи дургүйлхэж ямар
нэгэн үг хэлсэн ч сонсолгүй өнгөрөөчихлөө. Гэртээ харихдаа сэтгэлээ илчилж,
надад нуух юу ч үлдсэнгүй. Дараа нь тэрээр "би мэдэж байсан" гэж
хэлсэн дээ. Өглөө нь өөрийгөө үхэхээс наагуур хараан зүхсэн өдрүүдийн нэг. Магад
бид хэзээ ч нэгнээ бүрэн ойлгоогүй байх гэж бодох юм.
Хариуд нь тэрээр
"энэ сайхан найзын харьцаагаа тэгж сүйтгэмээргүй байна" гэж билээ. Хэлдэг
л үг. Харин ингэж хэлсэн орой намайг яагаад үнссэн юм бэ? Энэ удаад би
дургүйцсэн. Тэр өдрөөс үлдсэн сорви надад бий. Үүнийг энэ хайрын дурсамж болгон
үлдээе. Маргааш нь намайг бэртсэнд санаа зовж залгахад чинь анх удаа би чамд
уурлав. "Битгий санаа тавь. Би ингэхэд дургүй" гэхэд "Санаа
зовоод байна" гэсэн. Намрын төгсгөл ийм. Юм бүхэн учралаар эхэлдэг харин
хагацал яадаг бол?
Өвөл
Өвөл чиний гар үргэлж
дулаахан харин миний гар, хөл хөлдөх нь холгүй байдаг сан. Өвөл бүх зүйл
хөлдсөн мэт. Миний сэтгэл хөлдөөд хаашаа ч хамаагүй явчихсан мэт. Харин чи
хэнэгчгүй дурлаад явж чаддаг. Чи өвөл төрсөн учраас тэр үү? Магадгүй чи өвлийн
хүн байх. Бие чинь халуун оргисон ч сэтгэл чинь цастай байдаг. Төрсөн өдрөөр
чинь уулзахад чи надад хоёр дахь удаагаа "Хайртай" гэж хэлсэн. Эхний
удаа хэлэхэд чинь итгэхийг хүссэн бол харин энэ удаад итгэхийг хүсээгүй.
Чамд зориулж хэдэн өдөр
захиа бичиж билээ. Харин чи одоог хүртэл уншаагүй. Одоо битгий уншаарай. Тэр
үед үнэн байсан зүйл одоо худал болсон болохоор л тэр. "Цас ороод л
байлаа, ороод л байлаа" гэсэн мөрийг санаж байна. Захиагаа тэрлэж дууссан
тэр үдэш ганцаар ууж билээ. Хөлчүүрхсэндээ гадаа уйлж алхсан. Чам руу залгахад
өөр нэгэнтэй байснаар тэр үдэш өндөрлөсөн
юм.
Чи үргэлж л хэн нэгнийг
хайдаг байсан. Би ч мөн хэн нэгнийг хайгаад л. Бидний ялгаа нь бид огтлолцол
дээр учирсан хэр нь нэг нь нэгэнт л учирсан бол хагацахгүй гэж бодсон бол нөгөө
нь зам зуурын учрал гэж бодсонд буй. Эцэстээ энэ зохиолыг би өөрөө л эхлүүлсэн
байж. Анх өөрийнхөө дүрийг гуравдагч этгээд болгон бичиж байжээ. Чамтай учрахаас
өмнө бичсэн энэ үгийг өдрийн тэмдэглэл дээрээ сийлүүлэн үлдээжээ. Даанч
төгсгөлийг нь бичээгүй учир энэ түүх нэг цэгтээ л зогсчихож дээ. Харин төгсгөл
ямар байх вэ? Аз жаргалтай юу? гунигтай юу? Үүнийг бичиж буй нь өрөвдөлтэй амиа
бодсон хэрэг биз ээ. Чамайг орхиод өөрийн амиа хичээж буй хэрэг.
Өвлийн төгсгөл. Би
чамайг уйлахыг хоёр дахь удаагаа харсан. Өмнөх шиг сэтгэл өвтгөөгүй ч харах
хэцүү байлаа. Магадгүй нөхцөл байдал ондоо байсан биз ээ. Харин энэ өдрөөс хойш
таг чиг. Чамаас мэдрэгддэг мэдрэмж ч алга. Чи хаана байна? Ямар нэгэн юм хэл л
дээ.
Хавар
Чамаас захиа ирсэн. Ийм
сайхан үдэш чиний тухай бодохгүй байж даанч чадахгүй нь. Тэр захианд содон зүйл
юу ч байгаагүй. Юу ч сэтгэл хөдлөгдсөнгүй. Харин хариу бичих үү байх уу? гэж
удаан бодсоны эцэст зүгээр л орхичихлоо. Хэрэв би л бичихгүй бол дахиж над руу
бичихгүй гэдгийг нь мэдэж байлаа. Тийм л ихэмсэг нэгэн.
Орой над руу ахин
бичлээ. Юу болох нь энэ вэ? "Уулзъя" гэж. Дахиж над руу бичихгүй гэж бодсон
ч. Үнэндээ би одоо ч түүн рүү гүйхэд бэлэн байсан ч би хүсэхгүй байна. Хэрэв
одоо уулзчих юм бол сэтгэл гэгэлзэнэ. Дахин найдлага төрүүлчихэвэл. Гуйя
битгий. Би үүнийг төгсгөж чадахгүй болчихно. "Дараа л болъё доо" гээд
биччихэв. Хэзээ ч дуусахгүй олон дараа, хэзээ нь мэдэгдэхгүй дараа" Гэхдээ
миний дотор одоо ч горьдлого байсаар. Өрөвдөлтэй ч амьтан болдоо.
Цас орсон тэр нэгэн
хаврын орой над руу "цастай өдрийн мэнд. одоо завтай байна уу?" гэж
билээ. Яагаад ингээд байгаа юм бэ? Энэ удаад би үнэхээр тэсэхгүй бололтой. Анх
танилцсан өнөөх газраа уулзахаар товлолоо. Одоо л төгсгөлийг бичнэ. Одоо л
дуусгая. Тэр минь уйлсан. Ялгаатай нь тэр надаас болж уйлж байсан ч надад мөн л
хийж чадах зүйл алга. Ядахнаа аргадаж ч чадахгүй нь. Түүнд дуусгаагүй
үгүүллэгээ уншуулахад "чи төгсгөлийг нь олсон уу? гэсэн. "Харин чи
алийг нь сонгомоор байна? Энэ хоёр аз жаргалтай төгсөх болов уу? эсвэл гунигтай
төгсөх болов уу гэхэд миний мэдлийн зүйл биш байхаа. Гэхдээ аз жаргалтай
төгсөхийг ерөөхөөс өөр яалтай" гэж билээ. Тэрээр надад "хайртай"
гэж хэлэхэд л тэсгэл алдарчихав. Чимээгүйхэн доош харан мэгшин уйлахад надад
хүрэх гээд хүрч чадалгүй сууна. Энэ үгэнд чинь одоо итгэхгүй. Анх танилцахдаа,
дараа нь цасаар байлдаж, хөтлөлцөж алхсан тэр л замаар хоёул үг дуугүй алхана. Чимээгүйг
эвдэн "баярлалаа" гэхэд нь хариуд нь юу ч хэлсэнгүй. Юунд тэр вэ?
өөрөөсөө явуулж байгаад уу? өөрийг нь орхиж байгаад уу? "бас уучлаарай"
гэв. Юунд? намайг хайрлаж чадаагүйд уу? минийх байгаагүйд уу? хайж буй хүн нь
биш байсанд уу?. Хэрэв бид учраагүй бол магад дэндүү амар байх байсан тийм үү?
гэхэд. Яагаад? Би чамтай байсан мөчүүдийг мартахыг хүсэхгүй байна. хэрэв бид
учраагүй бол мэдэхгүй ээ гэж бухимдангүй хэлээд Яагаад чи ийм байдаг юм бэ?
гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Үнэндээ чамд дурсаж явахад сайхан байх. Харин надад
үргэлж бодогдож байхад би яалтай билээ. Өөрсдийн мэдэлгүй хамт тамхилж байсан,
тэвэрч байсан тэр л сааданд хэсэг саатахдаа бид үнсэлцсэн. Одоо л би түүний
уруулыг мэдэрч байна. Зөөлхөн, дулаахан уруул. Төсөөлж байсан шиг уруул. Ингээд
л бид салсан. бид хагацсан. Урьд салж чадаагүй, салсаны дараа буцаад л бие
биедээ тэмүүлдэг байсан шиг бус. Хоосон, ахиж хэзээ ч учрахгүйгээ мэдэх тийм нэгэн хагацал. Үүрд нэгнээ сайхнаар
дурсах, дахин уулзахад инээмсэглээд л өнгөрөх тийм нэгэн хагацал. Хайрт минь.
Одоо л би чамайг хайрт минь гэж дуудъя. Энэ удаад Памукын "хар
судрын" хэсгийг дууриаж хэлье. Чамтай анх учрахдаа л би хайрлаж байсан.
Чамайг инээхэд чинь, уурлаж, уйлаж байхад чинь ч хайрлаж байсан. Надад худлаа
хандаж буйг чинь мэдэж байхдаа ч хайрлаж байсан. Хөтлөлцөж байхдаа ч, тэврэхэд
чинь ч хайрлаж байсан. Үнсэхэд ч, хайртай гэж хэлэхэд чинь худлаа гэдгийг нь
мэдэж байхдаа ч би чамайг л хайрлаж байсан. найз байсан нь дээр гэхэд чинь ч
хайрлаж байсан. Чамд уурлаж, үзэн ядаж, гомдоллож байхдаа ч хайрлаж байсан. Энэ
мөчид ч хайрлаж байна. Одоо надад ганц л чадах зүйл бий. Энэ түүхийг аз
жаргалтай төгсгөх.
Цаг хугацаа энэ л мөчид
зогсчихов. Цасны ширхэг бүр агаарт зогсчихов. Энэ л үед цаг хугацаа эргэн
бидний хамт үзсэн цас бороо, хамт үдсэн өдөр хоног, намар өвөл солигдон өнөөх л
зунд очоод зогсчихов. Надад гараа өгөн танилцаж, удахгүй уулзах тов зарлан
үдэв. Намрын тэр нэгэн хүйтэн үдэш бид уулзахаар товлосонд түүн рүү гүйнэ. Энэ
өдрөөс хойш энэ газрын үүдийг хэдэнтээ татаж, хэдэнтээ хаасан сан. Харин энэ
удаад энэ хаалгыг нээх хэрэггүй. Хаалгаар орохыг хүссэн ч зүгээр л буцаад алхчихав.
Түүний дараа бидний учирсан хамт байсан өдрүүдийг өөр хүмүүс дүүргэх болсон.
Хамт алхсан гудамж, хамтдаа суусан кафе хоосон. Чи өөр нэгэнтэй учирсан бол би
өөр хүмүүстэй цагийг өнгөрнө. Магадгүй тэр нэгэн чиний хэзээний хайж байсан
нэгэн мөн биз ээ. Одоо чи намайг харсан ч танихгүй. Харин өөрийгөө зовоон байж
энэ дурсамжыг би л тээж байна. Чам дээр очин тэр нэгэн цастай өдрийг санаж
байна уу? гэж асуувал чи санахгүй. Тэр өдрийн сайхныг би л харсан гэж үү? гэвэл
харамсалтай нь чи инээмсгэлээс өөр юу ч хийж чадахгүй. Тиймээс л одооноос энэ
хэний ч түүх биш болсон. Одоо би тэр өдөр хонгуудыг сайхантай нь мартаж чадна.
Бид урт гэгч замаар алхаж явахдаа л зөрчихсөн. Бидний учирсан газар чи өөр
хүмүүсээр хүрээлүүлж, бидний тоглосон цас хөндөгдөлгүй хайлна.
Уншигч та аль хэсгээс
намайг зохиосон бол гэж гайхаж байна уу? Аль нь үнэн болох аль нь худал болохыг
ялгаж чадах уу? Үнэн гэвэл бидний
уулзахаар товлосон газар би очоогүй юм. Хаалгыг нь татаагүй. Тиймээс л миний бичсэн
бүхэн угтаа хэний ч дурсамж бус миний санаанаасаа зохиосон түүх билээ. Хэзээ ч
учраагүй нэгэнд хэзээ ч тохиогоогүй түүх бичсэн минь энэ. Бид учраагүй. Бидний
зам огтлолцоогүй ердөө л зөрчихсөн. Нэгэнтэйгээ хэзээ ч учраагүй хэр нь хараад
л өнгөрсөн юм.
Төгсөв.



Comments
Post a Comment